Элчин сайдын яаманд арга хэмжээ зохион байгуулав

Элчин сайдын яамнаас Бранденбург муж улсын “Про Бранденбург” холбоотой хамтран энэ оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Берлин хотын Панков дүүрэг дэх ЭСЯ-ны байранд “Зуны баяр”-ыг зохион байгуулав. Арга хэмжээг нээж Элчин сайд Д.Ганбат, “Про Бранденбург” холбооны дарга ноён М.Пааш, Бранденбург мужын Барут/Марк хотын дарга П.Илк нар мэндчилгээ дэвшүүлэв.

Арга хэмжээнд тус муж улсад үйл ажиллагаа явуулдаг эдийн засаг, нийгмийн чиглэлийн аж ахуйн нэгж, албан байгууллагын 155 төлөөлөгч хүрэлцэн ирсэн ба цаашид Монгол Улсын аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Хөвсгөл аймгийн Мөрөн хот нь Барут/Марк хоттой 2011 онд түншлэлийн хамтын ажиллагаа тогтоосон ба 2016 онд Барут/Марк хотоос Мөрөн хотын захиргаанд гурван түргэн тусламжийн автомашин бэлэглэсэж байсан юм. Үүнээс гадна Мөрөн хотын иргэдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тэргэнцэр бэлэглэх, хотын 10 жилийн сургуульд цэвэр усны шүүлтүүрийн төхөөрөмж суурилуулах зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Түүнчлэн Бранденбург муж улсын Шөнэфэльд дүүрэг, Нийслэлийн Баянгол дүүрэгтэй түншлэлийн харилцаатай бөгөөд өнгөрсөн онд 20 жилийн ойгоо тэмдэглэж байсан билээ.

Дээрх арга хэмжээнд ардын урлагийн “Хөх Монгол” хамтлагийн уран бүтээлчид ая дуугаа өргөж, зочдыг монгол гэрт зочлуулан монгол ёс заншлын талаар мөн танилцуулав.