Элчин сайд Д.Ганбат оюутнуудыг хүлээн авч уулзав

Монгол Улсаас ХБНГУ-д суух Элчин сайд Д.Ганбат энэ оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Холбооны Заксен-Анхальт муж улсад зам, барилга, инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын чиглэлээр мэргэжил эзэмших 23 оюутнуудыг Элчин сайдын яамны байранд хүлээн авч уулзав.

Эдгээр оюутнууд нь зам, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг германы байгууллагуудтай гэрээ байгуулан 2,5-3 жилийн сургалтын хөтөлбөрт хамрагдах юм. Уг сургалтын хүрээнд мэргэжлийн боловсролын “хосолмол тогтолцоо” буюу онолын хичээл, компаниуд дээр дадлага хийж цалинтай суралцана.

Дээрх хөтөлбөрийг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Монголын Авто замчдын холбоо, Заксен-Анхальт муж улсын Инженерийн танхим, Магдебург хотын үйлдвэрлэл дундын мэргэжлийн боловсролын төв хооронд байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Берлин хотноо үйл ажиллагаа явуулдаг “Төвд” агентлаг зохион байгуулж байна.

Элчин сайд Д.Ганбат оюутан залуусыг хичээлдээ шамдан суралцаж, эх орондоо эргэж очоод эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, амжилт хүсэв.