Д.ТЭРБИШДАГВА ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД 2017 ОНЫ 8, 9 ДҮГЭЭР САРД ХБНГУ-Д АЖИЛЛАВ

Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Германы бүлгийн дарга, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 8 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд ХБНГУ-ын Люнебург хотод ажиллах үеэр мэргэжлийн боловсролын байгууллагуудын удирдах албан тушаалтнуудтай уулзаж, Монгол залуусыг ХБНГУ-д мэргэжлийн сургалтад хамруулах боломжийн талаар санал солилцохоос гадна тус муж улсад буй зарим Мэргэжлийн сургалт, технологийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцав.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Берлин муж улсын Ерөнхий сайд, Берлин хотын захирагч ноён М.Мюллертэй 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр, Берлин хотын Хумбольдтийн их сургуулийн Ерөнхийлөгч хатагтай проф. С.Кунст-тэй мөн сарын 9 дүгээр сарын 8-ны өдөр тус тус уулзалт хийж, энэ үеэр Улаанбаатар болон Берлин хотуудын хамтын ажиллагааны хүрээнд мэргэжлийн боловсролын салбарт гүйцэтгэх боломжтой төслүүд, мэргэжлийн боловсрол олгох сургалтуудад монгол залуусыг хамруулах боломж, археологийн салбарын хамтын ажиллагаа зэрэг асуудлаар санал солилцов.