ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Д.ГАНБАТ “ОЛОН УЛСЫН ТЭЭВРИЙН ФОРУМ”-Д ОРОЛЦОВ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ХБНГУ-ын Холбооны Тээвэр, тоон дэд бүтцийн сайд Александр Добриндт болон Мексик Улсын Харилцаа холбоо, тээврийн Төрийн нарийн бичгийн дарга Жерардо Руиз Эспарза нарын урилгаар ХБНГУ-ын Лайпциг хотноо энэ оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 2-ны өдөр зохион байгуулагдсан “Олон улсын тээврийн форум”-д оролцов.

Сайд Д.Ганбат ХБНГУ-д айлчлах үеэрээ Дойче Банн компанийн удирдлагуудтай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Тэрээр Мэргэжлийн Засгийн газраас эдийн засагт онцгой ач холбогдолтой хэд хэдэн төмөр замын ажлыг эхлүүлж, ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа талаар таницуулав. Цаашид дэлхийд нэр хүндтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тус компанитай төмөр замын төслүүдэд хамтран ажиллах боломжтой гэдгийг мөн илэрхийлэв. Дойче Банн компанийн зүгээс Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг дэмжиж, хамтран ажилласнаар Монгол, ХБНГУ-ын цаашдын хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдолтойг онцолж байв. Мөн Монгол Улсын транзит ачаа, эргэлт нэмэгдэж, нэвтрүүлэх хүчин чадал сайжирч байгааг сайшааж, мэргэжлийн түвшинд Шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Сайд Д.Ганбат, ХБНГУ-ын Холбооны тээвэр, дигитал бүтцийн сайд А.Добриндтэй чуулга уулзалтын үеэр уулзаж танилцан, хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар товч санал солилцов. Тэд Монгол, Германы тээврийн салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх түүний дотор төмөр замын салбарт ХБНГУ-ын Дойче Банн компанитай амжилттай хамтран ажиллаж байгаа зэргийг дурдан санал солилцов.

Мөн энэ үеэр төлөөлөгчид ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколов, БНХАУ-ын Тээврийн сайд Ли Сяопэн, БНПольшУ-ын Дэд бүтэц, барилгын дэд сайд Ежи Шмит нартай хоёр талт уулзалт тус тус хийж, Люксембургийн Их Гүнт Улсын Тогтвортой хөгжил, дэд бүтцийн сайд Франсуа Буштай хамтран “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурж баталгаажуулав.

ОУТФ-ын 2017 оны Сайд нарын ээлжит чуулга уулзалт нь “Тээврийн засаглал” гэсэн сэдвийн дор болсон ба энэ удаагийн чуулга уулзалтаар тээврийн салбарын удирдлага, зохион байгуулалтын сүүлийн үеийн чиг хандлага, шинэлэг арга барилууд болон тулгарч буй бэрхшээлүүдийн талаар голлон хэлэлцсэн юм.

Энэ удаагийн чуулга уулзалтад OECD байгууллагын гишүүн 57 орны тээврийн асуудал эрхэлсэн сайд нар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид болох нийт 1000 гаруй төлөөлөгч оролцов. Монгол Улсын хувьд зочин улсын статустайгаар сайд нарын нээлттэй хуралдаан болон бусад холбогдох арга хэмжээнүүдэд оролцож ажиллав.

Чуулга уулзалтын “Тээврийн засаглал” сэдвийн хүрээнд сайд нарын хаалттай болон нээлттэй хуралдааны зэрэгцээ тусгайлсан сэдвүүдээр олон тооны салбар хуралдаан, хэлэлцүүлэг, танилцуулга, хэвлэлийн бага хурал, үзэсгэлэн зэрэг арга хэмжээ зохион байгуулагдсан бөгөөд сайд нарын зүгээс олон улсын хамтын нөхөрлөлийн зүгээс дэвшүүлсэн хөгжлийн зорилтуудыг хангахад чиглэгдсэн тээврийн засаглалын тогтолцоог сайжруулах улс төрийн хүсэл эрмэлзлэлээ илэрхийлж, нэн ялангуяа Парисын цаг уурын хэлэлцээр, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд голлон анхааран тээврийн салбарын бүтэц, зохион байгуулалт, удирдлагын тогтолцоог эрс сайжруулж, шинэ дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэхэд онцгой анхаарах нь зүйтэй гэж тогтов. Түүнчлэн, тээврийн салбарт шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, инновацийг дэмжсэн зохицуулалтын болон санхүүгийн таатай орчинг бүрдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж хөдөлгөөнт байдлын мэдээллийг харилцан хуваалцах, өгөгдлийн мэдээллийн санг илүү ил тод, нийтэд хүртээмжтэй нээлттэй болгох, тээврийн үйлчилгээг бүх шатанд цахимжуулан тоон системд шилжүүлэхийн зорин ажиллахын зэрэгцээ цахим мэдээллийн хамгаалалтыг эрс сайжруулах зэрэг олон тулгамдаж буй асуудлууд, сорилтуудын талаар хэлэлцэн нэгдмэл ойлголцолд хүрэв. Дэлхийн тээврийн салбар хурдацтайгаар цахимжиж, автомат болон жолоочгүй технологи, бие даасан хөдөлгөөнт хэрэгслүүд ихээр нэвтэрч ирээдүйд томоохон үүрэгтэйгээр оролцох нь тодорхой болж байгаа тул төр, засгийн зүгээс хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, хяналт зохицуулалтыг оновчтой гүйцэтгэх шаардлагатай байгааг сайд нар тэмдэглэв.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатыг дагалдан явах төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Ц.Болор, Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Болор-Эрдэнэ, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Нямдаваа, Хэвлэлийн төлөөлөгч Б.Батцэцэг, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Б.Гүрсоронзон, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Замын даргын зөвлөх Т.Очирхүү, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Мөнхбаатар нар орж ажиллав.