ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ ИРГЭДЭЭС САНАЛ АВАХ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд хилийн чанад дахь иргэдээс санал авах ажиллагаа Берлин хот дахь санал авах байр болох Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны байранд 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 07:00 цагт амжилттай эхэллээ.

Сонгуулийн санал авах ажиллагааг Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Болор нээж, ЭСЯ-ны бие бүрэлдэхүүн, сонгуулийн ажиглагч нар, хэвлэл мэдээллийн ажилтнууд болон иргэдийн төлөөлөл оролцов. Сонгуулийн салбар хорооны гишүүн, тус ЭСЯ-ны Консулын хэлтсийн зөвлөх С.Ганболд сонгуулийн хайрцагны бүрэн байдлыг хүрэлцэн ирсэн сонгогч, ажиглагч нарт танилцуулаад лацдан байрлуулав.

ХБНГУ-ын цагдаагийн газраас эргүүл хяналтын цагдаа нарыг томилон ажиллуулж, санал авалтын үеэр аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Тус сонгуулийн салбар хороонд энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд 131 хүн бүртгүүлснээс нэг хүн хаягны зөрчлөөс шалтгаалан хасагдаж, нийт 130 хүн энэ оны 6 дугаар сарын 10-ны Бямба, 11-ний Ням гарагуудад 07:00 – 22:00 цагийн хооронд саналаа өгөх юм.