МЮНХЕН ХОТОД ХҮҮХДИЙН УРЛАГ, СПОРТЫН II НААДАМ БОЛЛОО

Энэ оны 5 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд ХБНГУ-д үйл ажиллагаа явуулдаг Монгол сургуулийн хүүхдүүдийн урлаг, спортын II наадам Мюнхен хотод амжилттай болж өнгөрлөө.

Энэхүү наадамд ХБНГУ-д үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын үүсгэл санаачлагын дор Берлин, Штутгарт, Мюнхен, Нюрнберг, Дюссельдорф хотуудад байгуулагдсан 6 сургуулийн 70 орчим хүүхдүүд, 16 багш сурган хүмүүжүүлэгчид, Мюнхен хотод суугаа Монгол Улсын өргөмжит Ерөнхий консул А.Питум зэрэг нийт 150 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо.

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Болор ХБНГУ-д үйл ажиллагаа явуулж буй монгол сургуулиуд энэхүү урлаг спортын наадмыг санаачилж, хүүхдүүдийнхээ ирээдүйд чиглэсэн хөрөнгө оруулалт хийж, олон сайхан бүтээлч ажлыг амжилттай хэрэгжүүлж буйд нь талархал илэрхийлж, наадмын үйл ажиллагаанд амжилт хүссэн мэндчилгээ илгээснийг ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Л.Мөнхжаргал уншин сонсголоо.